Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хулан
2017 оны 3 сарын 20 [Уншсан тоо: 44905]
Дөрөв:

Намайг Дэлгэр гэдэг бөгөөд тэгэхэд би оюутны зуны амралтаараа ирээд Улаанбаатарт байсан билээ. 1974 оны 8-р сарын сүүлчийн 7 хоногийн намар үнэртсэн гунигтай, бүрхэг, бороотой тийм нэг өдөр байсан юм. Тэр өдөр үдийн хойно би Нисэхэд ирэв. Хулан тэр бүсгүй автобусны буудлын баруун хойд хэсэгт байдаг жижигхэн төмөр самбарын дэргэд намайг хүлээгээд зогсож байв. Хулан бид хоёр аажуухан алхсаар цэцэрлэгт хашаанд орж, саглагар том модны дэргэд байдаг урт модон сандал дээр очиж суулаа. Тийм ээ 8-р сарын сүүлчийн 7 хоногийн бүрхэг бороотой, уйтгартай бас гунигтай тийм нэг өдөр байсан юм. Хулан тэр миний мөрийг толгойгоороо дэрлээд түшээд сууж байсан. Биднээс холгүй 5-6 насны болов уу? Гэмээр эрэгтэй эмэгтэй 2 хүүхэд улаан цагаан хөх өнгөтэй бөмбөг хөөцөлдөн тоглох бөгөөд Хулан тэр хоёр хүүхдийг ажиглан чимээгүй сууна. Тийм ээ тэр бүсгүй надад таалагдана. Тэр бүсгүй намайг автобусны буудал дээр тосож үддэгт нь түүнд их баярлана. Тэр бүсгүй аливаа юмыг сонсож мэдээд, бодож тунгаагаад, хичээж чармайх нь надад бүр ихээр таалагдана. Тэр бүсгүй надад хүндэтгэлтэй хандах нь надад таалагдана. Тэр бүсгүй миний таалалд нийцүүлэх гээд хичээж чармайдаг байдал нь бас надад таалагдана. Тэр өөрийнхөө үнэ хүнд, өнгө үзэмж үнэ үнэлэмждээ хэрхэн их анхаардаг яаж хаддаг нь бас л надад таалагдана. Бас түүний цонхигор цагаан царай ба давтагдашгүй гоо үзэмжит давхраат алаг том нүд нь надад таалагдана. Надад таалагдах бүхнийг дахин би түүнээс олж харах хүслээр бүсгүйг би харлаа.
Бороо орох болов уу? Үгүй болов уу? Цэцэрлэгийн цардмал явган хүний замаар захыг нь босгож өмссөн хар цувтай, бүрх малгайтай ахимаг насны нэг эр алхана. Тэр биднийг чиглэн алхсаар бидний дэргэд ирэв. Тэр өндөр нуруутай 50 эргэм насны хүн байлаа.

-Өнөөдөр цаг агаар муу байна гэсэн. Бороо орох нь дээ гэж тэр эр Хуланд хэлэв.
Хулан босож зогсоод...

-Ааваа одоо би удахгүй гэртээ харилаа гэж тэр хэлэв.

-Би чамд цув бас шүхэр аваад ирлээ гээд тэр намайг үл анзаарсан байдлаар хэлээд... Тэр эр цуваа Хуланд нөмөргөв.

-Битгий норчихоорой доо. За би явъя даа гэж тэр хүн Хуланд хэлээд эргээд буцаад алхлаа.

Тэр хүн Хулангийн аав нь байлаа. Өндөр нуруу, шаргал цайвар царай, хар цув, бор өнгийн бүрх малгай тэр хүний дүр төрх дуу хоолойг одоо ч би санаж байна. Би сайн санаж байна. Тэр дүр төрхдуу хоолой тэр чигээрээ миний сэтгэл зүрхэнд үлджээ. Тэр хүнд байдаг магадгүй одоо ч бас байгаа үрээ гэх ер бусын сайхан сэтгэл бас сайхан чанарыг тэгэхэд би түүнээс олж харж мэдэрсэн билээ.

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

Тийм ээ тэгэхэд ээж аав гэдэг тэр хүмүүс аль нь ч надад байгаагүй юм. Надад юу ч байхгүй тийм л ядуу дорой хоосон хүн би байсан юм. Тийм учраас би юуг ч тоодоггүй. Би юу ч хүсдэггүй бас хүндэлдэггүй. Би юуг ч сонирхдоггүй. Би хүсэлгүй сэтгэлгүй зорилгогүй хэнэггүй тийм л нэгэн. Жирийн цэвэр Монгол мундаг эх оронч хүү байсан юм. Тийм учраас л орчлон ертөнц бас бурхан надад тун ч багыг өгсөн юмдаа... Тэгээд би бодлоо... Яагаад хэн нэгэн хүнийг, түүнийг, хэн нэгнийг үнэн сэтгэлээсээ хайрлаж дурлаж чадаагүй юм бэ? Би яагаад өөртөө итгээгүй явсан билээ? хэмээн би өөрөө өөрөөсөө асуув. Миний зүрх үүнийг дэмжив. Тэр зүрх миний зүрх надад ингэж хэлэв. Тийм ээ чиний сэтгэл бол чинийх! Чиний зүрх бол зөвхөн ганцхан чинийх шүү дээ гэлээ. Тийм учраас чи түүнийг захирч чадна. Бас удирдаж зааж засаж залж чиглүүлж чи л чадна хэмээн миний зүрх надад хэлэв. Гэхдээ чи сэтгэлд биш, бодолд биш, өөр юунд ч бишээ!!! Зүрхэндээ тэгээд тэр надад илүү их итгэж бай гэлээ. Тэгээд тэр зүрх ингэж хэлэв:

Хүү минь хүнийг хайрлаж бай, амьтныг хайрлаж бай, амьдралыг чи хайрла. Чин үнэн зүрхнээсээ хайрлаж чаддаг бай. Тийм хайр мөнх оршдог юм гэж миний зүрх надад шивнэж хэлэв. Хэрвээ тэгэж хайрлаж чадвал нь: Хайрын эзэн үгүй болсончиг, хайрласан хайр нь үлддэг. Тийм хайр оршихуйгаас сүнслэг чанарт, орчлонгоос тэнгэрт, ердийн нэг юмнаас ер бусын тэр хэмжээс рүү очдог. Тэр хайрын сураг чимээ нь тэнгэрт газарт, тэнгис далайн гүнд ч сонсогддог юм гэж миний зүрх надад дахин давтан хэлэв. Тийм ээ, хайр тэр агуу их байдаг.

Чиний хүсээд байгаа хүлээгээд байгаа тэр бүхэн, түүний үндэс суурь нь, утга учир нь тэр бол зөвхөн хайр сэтгэл хайрлах ухаан байдаг билээ. Тийм учраас хайрыг хүн чин зүрхэндээ шингээж хайрлаж чаддаг байх ёстой билээ. Тэр аз жаргалыг дагуулдаг.

Тэр хүн хэн болов чиг, цаг хугацааны явцад улам даруухан, улам энэрэнгүй, улам их хүнлэг, улам бүр уужим тэнэгэр болдог билээ гэж зүрх надад дахин дахин давтан хэлж байв. Тийм ээ, тэгэхэд миний зүрх надад яг ингэж хэлж байсан юм. Мөн орой бүрэнхий болжуу. Автобусны буудал гудамж цэцэрлэгт талбайд нэг ч хүн үл үзэгдэнэ.

Бороо орж эхэллээ. Хайрга асгаж зассан явган хүний нарийхан замууд, цэцэрлэгт талбайд байхтэр зам дээр борооны ус тогтжээ. Хулан тэр хүнгүй хоосон цэцэрлэг түүний нарийхан зам дээр орж байгаа борооны тусал усыг тоолох мэт ширтэн сууна. Тэр чимээгүй суух ажээ. Тэр шүхрээ дэлгээд дээр өргөж суув. Тэр өөрийгөө бас намайг борооны усанд норгох ёсгүй гээд дэлгэсэн шүхрээ аль болох дээр барихыг хичээнэ. Тэр бүсгүй чимээгүй суух ажээ. Тэгээд тэр над руу хараад:

- Дэлгэрээ!

-Сайхан манай энд их сонин юм болсон шүү дээ гэж тэр надад хэлэв. Манай хажуугийн орцны хөрш айлын эмээ нь олон жил өвдөөд...Тэр эмээ хэвтэрт байсан. Ямар ч эмч үзмэрч мэргэд тус болоогүй юм. Гэтэл тэр эмээ саяхан нэг өдөр гэнэт өөрөө л зүгээр болчихсон. Одоо бүүр зүгээрээ... Дэлгүүр орж идэх уух юмаа өөрөө цуглуулаад явдаг болсон шүү дээ гэв.

-Тийм ээ сонин юм байна. Гэхдээ сонин юм бүхэн л өөрөө бий болдог юм шүү дээ. Тэгээд ойлгомжгүй өөрөө бий болсон юм бүхэн бас сонирхолтой байдаг гэж би түүнд хариулав.

-Ойлгомжгүй байгаа тэр эд зүйлс чамд ямар санагддаг вэ? гэж тэр бүсгүй надаас асуув.

-Тэр юмс надад гайхалтай санагддаг юм, тэгээд бас тэр өөрөө гайхамшигтай сайхан эд зүйлс юм шүү дээ. Тэр зах хязгааргүй уудам бас уужим их байдаг. Гэсэн хэдий ч тэр мөнх бус. Тэгээд тэр яг л солонго гэсэн үг.

-Аль солонгоо? гээд тэр бүсгүй инээлээ... тэгээд за яахав. Тэгээд чи цааш нь ярьлдаа. Чи их гоё юм ярьдаг шүү дээ гээд намайг шамдуулав. Би доошоогоо газар хараад л .

-Үгүй дээ Хулаан! Тэр яг л тэнгэрийн солонгын долоон өнгө гэсэн үг. Тэр бас яг л тэнгэрийн солонго шиг бүх дэлхийг тойрч солонгордог. Тэр энэ дэлхийн зах хаяахязгаараас мандаж солонгорч гарч ирээд яаж эхэлж гарсан яг түүн шигээ солонгороод уусаж дуусаж алга болдог юм гээд л... Би өөртөө итгэлтэй гар хөлөө хөдөлгөж ярьж байлаа. Тэгээд цааш нь би үргэлжлүүлэн ярьж гарав.

- Тэр солонго бас байнга л солигдож өөрчлөгддөг. Хаяабас өөр хоорондоо холилдож нийлэхээрээ ялгаж танихын арга үгүй болоод бие биендээ уусаж шингэж байдаг. Учир гэвэл энэ юм л даа яг л солонго гэсэн үг... гээд би дуугүй болов. Хулан:

- Тэгээд цааш нь чи яриа ч дээ гэлээ.

Би цааш нь үргэлжлүүлээд ярив.

- Амархан гэдэг бас яг адилхан гээд. Тэгэхээр хайр, хүсэл мөрөөдөл яг л энэ гэсэн үг шүү дээ. Жаргал зовлон оршихуй эс оршихуй гэдэг бол ердөө л энэ. Яг л солонго гэсэн үг. Ганцхан үнэн үг үнэн юм гэвэл орчлонд цорын ганцхан байдаг юм. Тэр бол бидний зүрх байдаг. Тэр хэзээ ч солонгорч өөрчлөгддөггүй. Тэр ямар байсан, чамд үнэн байсан яг тэр чигээрээ явсаар... зүтгэсээр эн ертөнцөөс явж оддог. Тэр бол өөр бусдаас өөр байдаг юм л даа. Тийм учраас би сэтгэлд биш, бодолд биш бас мөрөөдөлд биш. Ер нь юунд ч биш би ганцхан зүрхэндээ л итгэдэг. Тэр намайг хэзээ ч хуурахгүй хаяхгүй. Тэр намайг орхидоггүй мартдаггүй юм. Тэгээд тэр үнэнч хэвээр...зөвхөн ганц үнэнийг надад хэлсээр...тэгээд тэр миний зүрх надтай хамт бид хоёр хоёулаа хамтдаа дуусдаг юм. Тийм учраас л...
Тэр миний яриаг таслав. Хуланд солонгоо таалагдсангүй.

-Өршөөгөөрэй. Гэж тэр тайван хэлээд. Чиний зөв санагдаж байна. Хэрвээ бид зүрхэндээ итгэж чаддагсан бол, зүрх болоод сэтгэлээ нэг болгож нийлүүлээд бодож хэлж хүсэж мөрөөдөж чаддагсан бол, эцсийн эцэст бид нар бүгдээрээ яг л бурхан шиг байх байсан байх л даа... Гэвч тийм юм хэзээ ч болохгүй шүү дээ гэв.

Тэгээд тэр цагаа хараад...

-Чи маргааш өдрийн галт тэргээр явна. Одоо их орой болжээ. Одоо 10 цаг болж байна. Эндээс хот руу явдаг сүүлчийн автобус 10:30-д хөдөлнө гэвээ. Би харанхуйд миний царай бас миний нүдийг олж харахыг хичээн над руу ширтэн харах түүний нүдийг олж үзэв. Наймдугаар сарын сүүлчийн гунигтай харанхуй шөнө байсан Тийм ээ Намар үнэртсэн гунигтай шөнө байсан юм. Хар үүлсээр хучигдсан тэнгэрт сар гарч орчлонг арай ядан гэрэлтүүлнэ. Хулан тэр намайг сугадан, миний мөрөнд мөрөө нийлүүлээд шүхрээ дээр өргөн алхах ба бид хоёр цэцэрлэгт талбай, хайрга асгасан нарийхан замаар яваад, хот ордог автобусны буудал дээр ирж зогсов. Бүрэнхий харанхуй байсан. Гэсэн хэдий ч бороо орохоо аль хэдийн зогссон байлаа. Бүсгүй шүхрээ дээр өргөн зогссоор...

-“Бороо зогссон. Одоо бид хоёрт шүхэр дэлгэх хэрэгтэй гэж үү?”гэж би түүнд хэлээд инээсэн.

-“Таныг норгочихгүйн тулд бидэнд шүхэр хэрэгтэй” гээд тэр инээмсэглэв. Инээмсэглэл. Тийм ээ тэр хүчтэй. Тэгэхдээ түүний инээмсэглэл бүүр бүхнээс илүү их хүчтэй байсан. Хүсэл тэмүүлэл хайр энэрлээрээ хүн тэгж түүн шиг үнэн инээж чадахгүй. Би ингэж бодов.

-“Танай энд нисэх тосгон тэр чигээрээ унтжээ.” гэж би түүнд хэлэв. Тэгээд би түүнийг харлаа. Харанхуйд миний нүдийг олж харахыг хичээсэн над руу ширтэх тэр бүсгүйн гунигтай хар нүдийг би дахин олж харав. Бүсгүй, тэр намайг ширтэнэ. Бүсгүй, тэр бороотой хүйтэн агаарт даарч атийн зогсоно. “Сайн яваад ирээрэй.” гэж бүсгүй надад шивнэн хэлэв. Би урьд нь ямар байлаа яг тэр чигээр ганцаараа үлдэх болно гэж бодоод миний дотор муухайрав. Тэгээд би өөрөө өөрийгөө ойлгож чадахгүй мэт байгаа юм шиг надад санагдав. Би дотор сэтгэлдээ бодож байгаа зүйлсээ бүсгүйгээс нууж өнгөрөөхийг хичээв. Гэсэн хэдий ч би тэвчээр алдав.

-“Хулан минь чи надад ямар их сайхан харагддаг билээ?” гэж би түүнд хэлэв. Дахиад чи надтай хамт жаахан байгаа ч дээ. Би чамаас гуйж байна гэж би түүнээс хүслээ. Тэгээд би түүнийг тэврэв. Би нүдээ аниад түүний гар хүзүү мөрийг нь үнслээ...

-“За одоо явдаа... Маргааш чи их хол явна шүү дээ.” гэж тэр бүсгүй надад зөөлхөн шивнэн хэлээд болгоомжтойгоор тэр бас намайг тэвэрлээ. Тэгээд тэр бүсгүй:

-“Би дандаа л чамд сайхан харагдах гээд хичээдэг юм. Бид хоёр бие биенээсээ юу ч нуудаггүй шүү дээ. Чамайг надад захидал бичиж байвал би их баярлана дээ. Захидал бичихийг хүсвэл бичиж байгаарай.” Гээд цааш нь үргэлжлүүлээд... “Би чамд их дасжээ, ийм багахан хугацаанд... Би өөрөө ч гайхаад байдаг юм...” гээд тэр намайг дахин тэвэрлээ...

Яг энэ мөчид хот руу явдаг сүүлчийн автобусны хаалга онгойв. Би хаалгаар орлоо. Бүсгүй “...Баяртай сайн яваарай” гээд надад гараа сунгав. Би түүний гарыг зөөлхөн, хайрлан атгав. Автобус хөдөллөө. Би автобусны цонхоор гараа гаргаад бүсгүй рүү даллаад “Баяртай! Хулан минь!” гэж хашхирлаа. Тэр тэнд гав ганцаараа гараа даллан зогссоор л... Би тэндээс явах хүсэл үл төрнө. Гэртээ харих хүсэл надад бас үл төрнө... Тэр бүү хэл сургуульдаа буцах хүсэл надад үл төрнө. Би тэр хол газар хүний газарт сургуульд сурах ямар учиртай билээ??? Би 2-3 минут хэртэй бодлогошров. Тэгээд тэрүүхэн богинохон хугацаанд тэр бүсгүй миний амьдралд ямар их чухал хүн болж чадсаныг би олж мэдрэв. Би бүсгүйн амьдардаг тэр байшинг автобусны цонхоор олж хараад, тэгээд чимээгүйхэн санаа алдан цонхон талын суудал дээр би очиж суулаа. Харанхуй болжээ... Бороо шаагин орж эхлэв... Би ямар ч гэрэл гэгээ үгүй юу ч үл харагдах харанхуй хоосон ертөнц рүү гадагш цонхоор ширтэнэ. Миний хажууд билет шалгагч бүсгүй зогсоно.

-“Уучлаарай” гээд тэр надад хэлэв. Тэгээд тэр буцаад яваад өгөв. Би автобусны цонхоор юу ч үгүй харанхуй хоосон ертөнцийг харсаар... Тас харанхуй орчлон... Бас намрын хүйтэн бороо шаагин ордог орчлон... Би өнгөрсөн бүх амьдралдаа эргэн санахыг хичээв. Тийм ээ би энэ орчлонд 21 жил амьдарчээ. Би харах боловчиг үзэхгүй, би сонсох боловч санахгүй, зүүдэлж байгаа юм шиг, би энэ орчлонд 21 жил амьдарчээ. Би өөрийгөө өөр бусдыг ойлгохгүй ойлгох хүсэлгүй явж иржээ. Орчлон ертөнц гэдэг тийм их баян, сүрлэг, уужим их, утга учиртай хийгээд, би өөрөө ч бас тийм хийгдсэн гэдгийг анзаарч бодох сэхээгүй өнгөрөөжээ. Тийм ээ, тэгэхдээ би бол зөвхөн би, өчүүхэн нэг л хувь хүн толгой эргэм, төгсөхгүй их, хэмжээ хэлбэргүй тийм л энэ ертөнцөд төрсөн өчүүхэн нэгэн жижигхэн ширхэг эд эс нь би билээ.

Энэ бас төгсөшгүй. Түүнд эцэс төгсгөл гэж үгүй шигээ. Түүнийг ухаарч ойлгох бас төгсөшгүй. Тийм учраас төгсөшгүй гэдэг бол төгсөшгүй их даалгавар гэсэн үг. Төгсөшгүй гэдэг нь өөрөө бас төгсөшгүй гэсэн үг. Тийм учраас ухаарал гэдэг бол төгсөшгүй билээ.

Хэм хэмжээ, цаг хугацаа бодит ба бодит бус зүйлсийн онцлог ялгаа гэдэг нь ердөө л энэ ажээ.

“Хулан” тууж-ийн 4-р хэсгээс...
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив