Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хулан бид хоёр
2017 оны 4 сарын 20 [Уншсан тоо: 34727]

...Улсын баяр наадмын дараахан, тэр өдөр... Бямба гараг байлаа. Би өглөө эртлэн босоод үдийн алдад Нисэх тосгонд ирэв. Бүлээхэн чийглэг зөөлхөн салхи үлээж, тэнгэр цэнхэртэн дуниартана. Богд уулын хөндийд үдийн наран гийж, шүүдэрт угаагдаж норсон өвс ногоо нарны туяанд сэргээд, гялтганан солонгорч өнгө өнгийн гэрэл цацруулна. Шувууд жиргэнэ. Зуны дунд сарын ийм нэгэн сайхан өглөө байсан. Дур булаам өнгөлөг сайхан өглөө байсан юм.

...Хулан тэр бүсгүй хаана байгааг би үл мэднэ. Тэр гэртээ байгаа эсэхийг би бас үл мэднэ. Тэр бүсгүйн амьдардаг тэр байшингаас аль болох холдохгүйг би хичээх бөгөөд би тэр орчимд эргэлдэнэ.

Би юу ч бодолгүй юу ч хийхгүй  зүгээр л... бүхэл өдөржин тэнд алхахад би бэлэн байлаа. Тэгээд би тэр бүсгүйг олж харав. Хулан тэр бүсгүй бас намайг олж харав. Тэгээд тэр явган хүний цардмал замаар намайг чиглэн алхав.

Тэр намайг таних ч биш, үгүй ч биш гайхсан харцаар над руу харна. “Сайн байна уу, Хулаан” гээд би түүнтэй мэндлэв. “Ийм сонин хүн хаанаас гараад ирэв ээ... Та чинь манай энд байдаг билүү?” гэж тэр надаас асуулаа. Түүний энэ байдал надад тунчиг их сайхан санагдсан билээ. Гэсэн хэдий ч би нэг ч үг дуугарч чадахгүй байлаа. Миний зүрхийг эхлээд ямар нэгэн болгоомжлол түгшүүр эзэмдэв. Би “Сайн байгаа... үгүй ээ би зүгээрээ энд... зүгээр л...” гээд ээрч муудан арай ядан хэллээ.

Харин дараа нь тэр бүсгүйг сонирхох тэр сонирхол миний сэтгэлийг илүү ихээр эзэмдэв. Хулан тэр бүсгүй миний дэргэд алхах бөгөөд тэр бид хоёр энгийн жирийн элдэв юмс ярилцан алхана. Би түүний тухай, тэр миний тухай асууж лавлан ярилцана. Бид хоёрын танил хүмүүс... түүний эгчийн тухай... бас тэдний хөрш миний хамт сурагч оюутан Тулгын тухай бид хоёр ярилцана. Хулан тэр хичнээн их сайхан бүсгүй билээ. Түүний давтагдашгүй сайхан үзэсгэлэн гоо төрх, зүс царай хичнээн их сэтгэл хөдлөм сайхан билээ... Тэр бол багагүй их ухаантай бүсгүй билээ гэж би таамаглана. Түүний энгийн сайхан гадаад байдал, үг яриа миний бахдалыг төрүүлнэ. Тиймээ. Хулан бид хоёр хамт алхана. Тэгээд удалгүй тэр “За баяртай” гэж хэлээд надад гар сунгав. “Баяртай. Сайхан амраарай” гэж би хэлээд түүний гарыг сулхан атгав.

Баяртай... гэдэг үг. Энэ тийм их сайхан үг билүү? Энэ үгэнд би эргэлздэг юм. Яагаад гэвэл тэр үг надад баяр баясгалан аз жаргалыг тэр болгон авч ирж өгч байгаагүй юм. Тэр үгийг Хулан надад хэлдэг байсан. Би бас түүнд “Баяртай” гэж хэлдэг байсан юм...

Тийм учраас “Баяртай” гэдэг энэ үг тийм чиг их сайхан үг бишээ.

Би ингэж бодож байна.

Би сэтгэл догдлон зорьж очсон энэ уулзалт бид хоёрын анхны уулзалт байлаа. Баяртай гээд Хулан хэлэхэд би баяртай гээд буцсан анхны уулзалт байсан юм.
...Тэгэхэд би хоол хувцас муухан ядуу даруухан оюутан хүн байлаа. Гэхдээ түүнд Хуланд таалагддаг байх гэж би таамаглана. Би гадна байдал гоо үзэсгэлэнгээрээ бус үг яриагаараа, авьяасаараа энгийн даруу үнэнч байдлаараа би түүнд таалагддаг байх гэж би таамаглана. Би зөвхөн түүнд зориулж чин сэтгэлээ ярьдаг байлаа. Тэр бас зөвхөн надад зориулж үнэнээсээ зүрхнээсээ инээдэг байсан юм. Тэр надтай хамт зугаалдаг байсан. Тэр бид хоёр хамтдаа кино үзэж, хамт сууж, удаан алхаж ярилцдаг байлаа. Тэр бид хоёр бие биенийгээ хайрладаг хүндэлдэг байсан юм. Би ингэж бодож байна. Тиймээ. Хулан бид хоёр уулздаг байлаа. Би түүний сэтгэл болоод зүрхийг өөртөө татаж чадсан юм. Бид хоёр үг хэлээрээ үйл хөдлөлөөрөө бас харцаараа бие биенээ ойлгож чаддаг байсан. Би түүнтэй хамт байхдаа гэртээ харихыг үл хүснэ. Тийшээ гэрлүүгээ би явах ямар учиртай билээ? Би ийн бодлогоширон зогсоод, тэгээд бүсгүйн амьдардаг тэр байшинг дэмий утгагүй хэд тойроод толгой гудайлган чимээгүй гуниглан тэндээс би буцдаг байв.

Тэгээд би өөрийгөө шүүмжилдэг болов. Би хэзээ ч юу ч хийдэггүй. Тэгсэн мөртлөө өөрийгөө цагаатгаж зөвтгөх тэр аргыг цаг ямагт хайдаг. Амирлангуйг дотор сэтгэлдээ тээж, ер бусын дур булаам мундаг эр хүн байхыг би хүсдэг. Бүтэшгүй тийм л их хүсэлтэй. Тэгээд тэр хүслийнхээ төлөө юу ч хийдэггүй. Ердөө л амар амгалан бүтэшгүй их хүсэлт ДУРАК!!! Би өөрөө өөрийгөө ингэж зэмлэдэг болов. Энэ ертөнцийн үй түмэн олон дуракийн нэг болвоос би өөрөө яах аргагүй мөн билээ гэж надад бодогдоно.

Тиймээ би Хуланд чин зүрхнээсээ хайртай байсан байх. Тэр хайр надад энэ бүгдийг хэлж ярьж өгдөг байсан байх. Тэр хайр надад зөв амьдрах тэр арга ухааныг зааж өгсөн байх. Тэр хайр надад ухаарал бас амьдрах ухааныг зааж өгсөн байхаа.

Би ингэж бодож байна...



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив