Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хулан бид хоёр
2017 оны 7 сарын 18 [Уншсан тоо: 36155]

“Амьдрал бол өөрчлөлт, өөрчлөлт бол амьдрал”

Би ингэж бодож байна.

... Маргааш өглөө нь би босоод би ойр зуур хэрэглээний эд зүйлсээ хуучин хүрэн чемодандаа чихэж аваад автобусанд сууж галт тэрэгний вокзал дээр ирлээ. Тэгэхэд намар 8-р сард тэнд тун их хөл хөдөлгөөнтэй байдаг байсан юм. Гадаадад сургуульд суралцдаг оюутан сурагчид буцах энэ үеэр нэг жижигхэн сумын наадмын дайны хиртэй юм тэнд болдог байсан. Өдөр бүр л ийм явдал болдог байв. Бужигнасан олон хүмүүсийн дундуур би бараг хоосон том хүрэн чемоданаа бариад зүтгэсээр зүтгэсээр арай гэж өөрийн суух билеттэй, тэр тасалгаат купендээ орж суулаа. Тиймээ тэгэхэд тэр нэг жижигхэн тасалгаат купенд би гав ганцаараа сууж байсан юм. Би 2 гараараа толгойгоо тэврэн өвдөгөө тохойлоод сууж байлаа. Доошоо тонгойгоод юм бодоод би удаан суусан...

Бурхан бээр надад дэндүү их хатуу бас хүнлэг бус хандах ажээ. Хувь тавилангаан би үзэн ядна. Эцэг эхгүй өнчин ядуу энэ амьдралаа би бас үзэн ядна. Хэрвээ ээж минь амьд сэрүүн байсан бол. Хэрвээ би аавтай хүн байсансан бол. Би орь ганцаараа энд ингэж гуниглан суух юусан билээ? хэмээн Бурханд бас хувь тавиландаан би гомдоллон суусан билээ.

Тэгэхэд миний зүрх надад ингэж хэлсэн юм. “Хүү минь. Дэлгэр ээ, чи сонс” гээд тэр зүрх үргэлжлүүлэн надад хэлэв. “Чи яаж амьдарсаныгаан, яаж амьдрах арга ухаанаа олж бод. Бурханд хувь тавиландаа бүү гомдолло. Бурхан чамайг ойлгож харж байгаа. Бурхан чамайг хүлээж байгаа. Харин Бурханд чи өөрийгөө таниулж харуулж чадахгүй л байгаа шүү дээ. Энэ л үнэн байдал учир шалтгаан нь юм шүү дээ.” гэж надад хэлэв. Тэгээд би бодов. Тиймээ. Бүх юмс сайн сайхан байх алба үгүй билээ. Аливаа хүнд хэнд чиг юу ч тохиолдож болно. Харин тэр бүхний өмнө, хүнд хатуу бүхний өмнө толгой гудайлган нулимс дуслуулан сууж хэзээ ч болохгүй. Чамд тохиосон зовлонг хэн ч өөртөө үүрэхгүй. Харин энэ бүгдийн өмнө, зовлон бэрхшээлийн өмнө чи өөрөө л хатуу чанга тэсвэр тэвчээртэй байж чадаж байж гэмэээнэ зовлонг өөртөө сөхрүүлж чадна. Би ингэж бодов.

Ингэж бодоод би бослоо. Орхигдож өнгөрсөн бараан баргар өнгөөр хучигдсан тэр өдрүүдээс салж хагацах тэр нэг их хүслээр би тулж бослоо. Тэгээд би вагоны корридорт гарч цонхон тушаа очиж зогсов. Зорчигчид оюутан сурагчид тэнд зогсоцгоон вагоны корридорын цонхоор цээж толгойгоо гаргаад эцэг эх, ах дүү, найз нөхөд, ойр дотныхоо хүмүүстэйгээ харилцан ярилцана. Хулан тэр бүсгүй энд байгаа байх. Тэр миний суух вагоны дугаарыг мэднэ шүү дээ! гэнэт би ингэж бодов. Тэгээд би цонх руу яаран авиран гараад хажууд зогсох бүсгүйгээс надад жижигхэн зай тавьж өгөхийг хүслээ. Тэр гараа савчиж ... цаашаа цаашаагаа бай... гээд намайг түлхэв. Тэгээд тэр цонхоор цаашаа харан хашгачин ярилцана. Тэр намайг үл тоомсорлоно. Миний дургүй хүрч би түүнийг цонхноос угз татан буулгав. Тэгээд би өөрөө тэр цонхоор цээж толгойгоо гаргаад гадагш харж Хуланг хайн харж зогслоо. Төдий их удсангүй, өндөр том биетэй хүдэр бор нэг эр вагоны хаалгаар шудхийгээд дайран орж ирэв. Тэр эр намайг тэр цонхноос бас угз татан буулгав. Айдас гайхшралд автсан би хойшоогоо 2-3 алхам ухрав. Вагоноос давчуухан корридорын хананд тулаад би зогсов. Үл таних тэр эр хаанаас гарч ирээд надаас юу хүсээд байгааг би үл ойлгоно. Тэр эр намайг вагоны корридорын хананд шахаад заамдан барьж аваад хашгичин зандчин загнаж гарлаа. Би газарт үл хүрэх бөгөөд миний хоёр хөл хйи хоосон агаарт савчина. Би агаарт зогсоно. “Чи муу яасан дээрэлхүү муу хар новшив. Эмэгтэй хүүхдийг чи яана гэнээ” гээд тэр эр тохойгоороо миний гэдэс цээж рүү хэд хэд хүчтэй ёвров. Миний нүд чинэрэн чих шуугив. Хоолой бачууран хөлс цутгаж дотор  муухайрна. Тэгээд ашгүй нэг юм вагоны үйлчлэгч хоёр эгч хүрч ирэв. Тэр намайг газарт буцааж буулгаад... Дахиад чи хүүхэд дээрэлхэвэл чинь юу болохыг үзээрэй!!! гэж намайг заналхийлээд “Би чамайг газар дээр хаанаас олоод бодийг чинь хөтөлчихөж чадах хүн шүү!” хэмээн хашгирав. Тэгээд тэр хүн эргэж харалгүй ихэмсэгээр тэр чигээрээ алхаад гарч одлоо. Ийнхүү вагоны үйлчлэгч эгч нарын ачаар би түүнээс аврагдав. Харин энэ мөчид эрхэмсэг тэр эмэгтэй нүүрэндээ баярын мишээл тодруулан бахархсан басамжилсан харцаар бид хоёрыг ээлжлэн харж зогсов. Тэгээд тэр эмэгтэй онгорхой цонхны сул үлдсэн тэр нэг жижигхэн зайг тэр чигээр бүхэлд нь эзлэв. Тэр цаашаа гадагш харж инээж хөхрөн баясгалантай тэгээд бахархалтайгаар удаан үргэлжлүүлэн ярилцах ажээ. Тэр хүн тавь орчим насны том биетэй лунжгар бүдүүн эр байсан. Том том таван хошуутай погон зүүсэн цэргийн хувцастай хүн байсан юм. Би болсон явдалд ихээр харамсаж бас ичингүйрхэн зогсов. Би хувцас биеэ цэвэрлэж янзлан зогсов. Тэгээд би тасалгаат купендээ буцаж ороод хаалгаа хаагаад харамсан халаглан суусан билээ.

Би өөрийгөө үзэн ядна. Би өнчин ядуу сул дорой байдлыг үзэн ядна. Энэ бүгдийг орчлон ертөнцийг би үзэн ядна. Ёс бус байдал тэгш бус байдал ядуу дорой байдал хорвоо ертөнцийн шударга бус эл байдал түүнд би харамсаж халшран буув. Түүнийг би бас үзэн ядна. Орчлон ертөнцөд өнчин ядуу төрсөн миний зовлон гэдэг дуусахгүй их ажээ. Би ийн бодов. Тэгээд энэ бүхэнд хэн буруутай билээ? гэж би өөрөө өөрөөсөөн асуулаа. “Бурхан уу? Аль бөгөөс ертөнц дэлхийд төрүүлсэн тэр муу заяат миний хувь тавилан уу? Үгүй бөгөөс нялх балчир тэр цагт минь намайг орхиж Бурханы оронд явсан ээж аав хоёр минь гэж үү? Үгүй дээ. Намайг заамдан чирч алан алдсан тэр офицер. Бас намайг үл тоомсорлон үзсэн эрхэмсэг ярвагар энэ оюутан бүсгүй бус уу? Би ийн бодов. Миний зүрх надад хэллээ. “Үгүй дээ. Дэлгэр ээ, чи эхэлсэн. Чи өөрөө буруутай шүү дээ” гэлээ. Тэгээд цааш нь “Дэлгэр ээ, чи буруутанг бусдаас хайдаг... Чи яг тэр чигээрээ... Яг тэр л хэвээрээ ажээ...” гээд миний зүрх гаслав. Тэгээд тэр зүрх надад үргэлжлүүлэн ингэж хэлэв. “Дэлгэр ээ, бүү гунирх. Болоод өнгөрсөн юмнаас өөрийгөө чи чөлөөлж чадах ёстой. Бүгдийг март. Бүх юмс учир шалтгаан хийгээд үр дагавар гэх хоёр их шүтэн барилдлагын хүч нөлөөн доор оршдог. Тийм учраас учир шалтгаан үгүй аваас үр дагавар үгүй гэдэг билээ. Тийм учраас чи юм бодож бай. Юмыг бодож хийж бай. Яагаад гэвэл: Бодол бол оюун ухаан хайр энэрэл. Бодол бол үнэн үг учир шалтгаан. Бодол бол тэсвэр тэвчээр хүч чадал мөн билээ. Бодолд эхлэл төгсгөл, хэлбэр хэмжээ гэж үгүй билээ. Үгүй гэж үү? гэж тэр зүрх надаас асуув. Тэгээд цааш нь хэлэв. “Хүмүүс болоод үйл явц, тэнгэр ертөнц газар дэлхий, од гаригс, уул ус өвс ногоо, ус гол хийгээд мод цэцэгс эд бүгдээрээ энэ л аядуу уянгалаг зөөлхөн бодол гэдэг хөг аялгууны нэгээхэн хэсэг байдаг билээ. Тийм учраас зовлонт хүмүүний учир мэдэх үгүйн улмаас үйлдсэн тэр шунал хүслийн цангаа хийгээд үйлдсэн үйлийн үр дагаврыг тэр өөрөө эдэлж өнгөрөөх учиртай байдаг билээ. Тийм учраас хүү минь чи аливаа юмыг бодож бай. Бодож эхэл. Бодож хийж бай. Бодож дуусга” гэж надад хэлэв.

Тэгээд би бодлоо. “Тиймээ би өөртөө байгаа буруу муу сул талаа хүлээн зөвшөөрч чадах ёстой ажээ. Би зөвхөн “БИ” гэдэг аминч үзэл бодлоосоо салах ёстой ажээ. Би шунал хүсэл атаархал, хорсол өс хонзон хэмээх сэтгэл бодлын хор муу бүхнийг номхотгон дарж түүнийг таягдан хаяж чадах ёстой ажээ. Гомдож уймарсан, өсөрхөж хонзогносон энэ сэтгэлийн бараан бодлууд надад хэрэггүй. Уужим сийрэг оюун ухаан, цэвэр тунгалаг ухаан бодол, хатуу чанга тэсвэр тэвчээр надад хэрэгтэй ажээ.” Би ингэж бодов. Тэгээд “Дэлгэр ээ, чи бос!” гэж өөрөө өөртөө би сэтгэл зүрхэндээ шивнэн хэлэв.

Би бослоо.

“Хэнийг ч бүү буруутга. Битгий гунигла. Урагшаа хар! Алдаж болно. Харин алдсан алдаагаа шат шатанд нь зас. Дахин бүү давт. Эргэж бүү хар. Зөвхөн урагшаагаа харж яв! Би өөрөө өөртөөн ингэж хэлэв.

Галт тэрэг хөдөллөө. Дуут дохиогоо чанга дуугарган, давтан давтан дуугаргасаар галт тэрэг хөдлөв. Купенд хүмүүс орж ирэв. Хоёр эмэгтэй нэг залуу бид дөрөв Москва хот хүртэл 5 хоног хамт зорчих болно. Миний шинэ танил эрхэмсэг дээрэнгүй тэр эмэгтэй хаалганы хажуугийн булангийн суудалд чимээ үгүй суух бөгөөд тэр бүсгүй бид хоёрын хооронд харилцан үл хүндэтгэлийн гэмээр тийм нэг агаар орчин орон зай аль хэдийнээ үүссэн билээ. Ер бусын хүнд бөгөөд таагүй чимээ үгүй байдал хэсэг зуур бид бүгдийг угтав. Тэр нэг үл ойлголцоын гэмээр орон зай нам гүм байдал вагоны тэр тасалгаат купег тэр чигт нь эзлэв. Тэнд суух өөр бусад хүмүүс бүсгүй бид хоёрыг ээлжлэн харах бөгөөд дор бүрнээ чимээгүй сууцгаана. Тэр бүсгүй над руу харав. Бидний харц мөргөлдөв. Тэр над руу шазруун харцаар үе үе шилбүүрдэн харах бөгөөд тэр доогтой дуугаар чанга чанга инээнэ. Тэгээд тэр бас дэндүү их ярих ажээ. Хэдийгээр богинохон авч шаналгаатай зовлонтой богинохон энэ мөчид би түүнийг мэдэрлээ. Тэр баяр баясгалантай агаад бас үзэсгэлэнтэй юм. Гэхдээ түүнд мэдрэмж гэж байгаа болов уу? Бараг л үгүй ажээ. Түүнд ихэмсэг боловч хүйтэн хараад баймааргүй боловчиг сайхан зүс царай бол басчиг байна аа. Харин тэр сайхан царай зүс ямар нэгэн утга учрыг илэрхийлж чаддаггүй байх аа. “ХАРАМСАЛТАЙ”. Гялтганасан болгон эрдэнэс биш билээ. Би дотор сэтгэлдээ ингэж бодов. Тэгээд би тэр бүсгүйд хандаж ямар нэгэн ухаантай үг хэлэхсэн хэмээн хичээв. Тэр үгс надад үл олдоно. Тэгээд тэр бүсгүйн энэ нэг ийм л утга учир үгүй сайхан царай хүнд хэрэгтэй эсэхийг би үл ойлгоно. Бид ойлголцолд хүрэх тэр зам харгуй дэндүү их урт ажээ. Тэгээд бас тэр зам тахир махир бохир, шавар шавхай бартаа ихтэй ажээ. Би тайван байхыг хичээв. Гэсэн хэдий чиг гомдол гэхээсээ илүүтэй хорсол уур хилэн, өс хонзон надад бодогдоно. Тэр бодол намайг зовооно. Би гадагшаа цонхоор харав. Галт тэрэг хурдлан давхина. Уул толгод ус гол мод жирвэлзэн өнгөрнө. Ногоон тал, өнгө өнгийн цэцэгс... хосоор ургах вансэмбэрүү цэцэг... хосолж төрсөн хун шувууны тухай домог... Цагаан, улаан, хөх цэнхэр өнгө... бас яагаан шаргал өнгө хослол. Цэцэгс тэрээр нарны гэрлийн туяаг өөртөө татна. Газар дэлхий орчлон ертөнц өөрөө тэр цэцэгсийн сүнслэг гоо сайханд өнгө хувиран амилна. Тиймээ. Цэцэгс бол Бурханы бэлэг билээ. Би ингэж бодов... Тэгээд хэдийгээр би тэр ихэмсэг бүсгүйг үзэн ядах боловчиг, би тэр цэцэгсийн өнгөлөг сайхан аяст автан өөрийн эрхгүй аз жаргалаар гэрэлтэн инээмсэглэж чадсан билээ. Би хэсэг тэрхэн зуурт бага зэрэг сэргэв. Тэгээд би саяхан болж өнгөрсөн санамсаргүй гэхээсээ илүүтэй харамсалтай гэх энэ үйлийн бодлоос салж хагацахыг хичээлээ. Миний зүрх надад ингэж хэлэв. Миний зүрх “Дэлгэр ээ, чи намайг сонс” гэлээ. Тэгээд тэр зүрх хэллээ “Би чамд үнэнийг хэлж чадах боловчиг яг одоо чи түүнийг үнэнийг хүлээж авч чадахгүй гэдгийг би мэдэрч байна. Гэхдээ л би чамд нэг зүйлийг сануулъя” гээд надад ингэж хэллээ. “Бүх юмс хоосон байдаг билээ. Хоосон юмыг хэтэрхий их хүсэх аваас, хоосон хий, агаар самардана” хэмээн Бурхан Будда хэлсэн билээ. Тийм учраас чи аливаа хүнд хэцүү, харьцахад хэцүү тийм хүмүүст хандахдаан, өөрөө өөртөө чи яаж ханддаг билээ? яг тэгэж хандаж бай. Тийм өнгө аясаар чи тэд нартай харьцаж бай. Тэгж гэмээнэ чи тэр хүмүүсийн сэтгэл болоод зүрхэнд нь сайн үйлийн үрийг суулгах болно.” гэв. Тийм дээ. Бүх юмс миний хүссэнээр сайн сайхан байх албагүй шүү дээ. Би ингэж бодов. Харин хоосон гэж юу билээ? Би мэдэхгүй байлаа. Магадгүй тэр маш өчүүхэн зүйл байх. Нүдэнд үл үзэгдэх. Гарт үл баригдах ямар нэгэн зүйл байдаг байх. Түүнд хэмжээ үгүй. Тэр хэлбэр үгүй. Түүнд юу ч байхгүй. Тийм учраас тэр хоосон. Тийм учраас тэр үл харагдана. Түүнийг хэн ч үл сонсоно. Тэр үл тоогдоно. Тэр яг л над шиг байх аа. Би ингэж бодов. Тиймээ. Гэхдээн тэр хоосон шүү дээ!!! Тийм учраас тэр цэв цэвэрхэн. Түүнд юу ч байхгүй. Тийм учраас түүн дээр юуг ч бичиж болно. Түүнээс чи юу хүснэ, Тэр чамд ирнэ. Хайр хүс. Тэр чамд ирнэ. Сэтгэл хүс. Оюун ухаан хүс. Тэр чам ирнэ. Хүч чадал, тэсвэр тэвчээр хүс. Тэр чамд ирнэ. Хэрвээ чи түүнээс атаархал өс хонзон хүсвэл тэр чамд ирнэ. Хэрвээ чи түүнээс шунал тачаал 5 муу хорыг хүсэх аваас тэд чамд ирнэ. Тийм учраас аливаа хүн бие болоод сэтгэл бодлын хуурмаг хоосон таашаалд үл автах ёстой бус уу? “Бүх юмс хоосон байдаг билээ.” Бурхан багш ингэж хэлжээ. Тийм учраас сонор соргог, хянуур нямбай бодож амьдарч чадах ёстой ажээ. Энэ бол зөв оршихуй хэлбэр мөн болой. Би ингэж бодов.

Хэсэг хугацаа өнгөрч би тайвширч тайван болов. Тэгээд би бослоо. Эл энэ байдал удаан үргэлжлэх ёсгүй. Би ингэж бодов. “Уучлаарай. Та нарт би саад болоогүй биз?” гэж би тэднээс эелдэгээр асуув. Тэгээд би вагоны дээд талын тавцангийн орыг өөртөө тохируулан заслаа. Тэгээд би дээшээгээ гарч хэвтэв. Галт тэрэг хурдлан давхина. Галт тэрэгний цонхоор би харна. Тэнгэр дуниартаж цэнхэртэн харагдана. Нарны цацраг жирийн атлаа жирийн бус хэмээх өнгө аясаар үзэсгэлэн гоо, төгс сайхан туяаран харагдана. Өглөөний шүүдэр мэт цэвэр тунгалаг нарны цацраг. Тэр цацраг уулсын хөндийд тунаран үлдэж өнгө өнгөөр солонгорон харагдана. Тэгээд тэр цацраг бас сүрлэг их тэр уулсын сүнслэг гоо сайханд тунаж туяаран уусна. Тиймээ. Уулс гэдэг аваас эх дэлхийн төгсгөл. Тиймээ уулс бол орчлон ертөнц хурмаст тэнгэрийн эхлэл билээ. Тиймээ. Цэцэгс тэд уулсаас эхэлдэг. Цэцэгс тэд бүгдээрээ гайхалтай сайхан ажээ. Тэр цэцэгс нарыг дагаад тойрон эргэлдэнэ. Тэд нарны гэрлийг өөртөө дуудан эргэлддэг билээ. Тэр цэцэгс гайхалтай сайхан өнгө үнэрийг бүтээдэг түгээдэг. Тэгээд бас тэд нар мишээдэг ажээ. Тийм учраас гоо үзэмж өнгө үнэр тансаг сайхан байдал тэд цэцэгсээс үзэгддэг, үнэртдэг. Цэцэгсийн гоо үзэсгэлэн өнгө гэрэл үнэр... Энэ бол Бурханы бүтээл мөн билээ. Би ингэж бодов. Гэсэн хэдийчиг тэр цэцэгс хормын төдийхөн оршдог бус уу? Тиймээ, тэр цэцэгс мөнх бус. Тэр цэцэгс өглөөний нарны туяанд ууршин замхарч алга болдог, өвсний шүүдэр тогтох төдий адил нэгэн билээ. Тийм учраас цэцэгс тэд мөнх бус. Цэцэгсийн гоо сайхан өнгө үзэмж мөнх бус. Ер нь юу ч мөнх бус. Баяр жаргал, зовлон  тачаал тэд мөнх бус. Хүч чадал, гоо үзэмж, гутрал гунихрал бас л мөнх бус. Тэд бүгдээрээ замхарч үгүй болдог. Тэд цаг зуурын юмс билээ. Тийм учраас төгс их таашаал сэтгэл ханамж, үнэ үнэлэмж үнэн төгс оршил гэж үгүй билээ. Би ингэж бодов. Миний зүрх намайг дэмжив. “Тийм ээ, Дэлгэр ээ! Юмс үзэгдэл юу ч мөнх бус билээ. Амьдрал гэдэг бол цэцэг. Чи цэцэг. Тэр цэцэг. Би цэцэг. Орчлон ертөнц тэр өөрөө бас цэцэг. Бид нар бүгдээрээ адилхан цэцэг. Эрт орой хэзээг би мэдэхгүй байна. Хагдарч унах цэцэгс билээ. Тийм учраас цэцгэнд яаж ханддаг билээ? Амьдралд тэгж хандах ёстой бус уу?” гэж миний зүрх надад бас дахин сануулав.

Тиймээ. Би цэцэг. Тэр цэцэг. Бид нар бүгдээрээ цэцэг. Хэзээ хагдарч унахаа мэдэхгүй цэцэгс билээ. Амьдрал бол цэцэг ажээ. Би ингэж бодов. Тийм учраас. Бид нар бүгдээрээ ав адилхан. Бидний хувь тавилан ив ижилхэн. Миний, чиний, түүний бид бүгдийн гарт байгаа. Тийм учраас яаж явах надаас шалтгаална. Би хаана хэнийд хэзээ төрсөн. Энэ бол чухал биш. Би өөрөө өөрийгөө өөрөөсөө олох. Энэ л чухал. Өөрөөр хэлбэл, миний хэн байсан энэ чухал биш. Би хэн байх вэ? гэдэг. Энэ бол тун их чухал гэсэн үг. Тийм учраас би өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Аливааг өөрчлөх хэрэгтэй. Амьдралаа би өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, би өөрөө өөрийгөө өөрчлөх ёстой ажээ. Яагаад гэвэл өөрчлөлт бол амьдрал. Амьдрал бол өөрчлөлт. Би цэцэг. Тэр цэцэг. Бид нар бүгдээрээ цэцэг. Би ингэж бодов.

Цэцэгсийн өнгө үнэр нэвт шингэсэн өрнө дорны нарны туяа уулсын оройноос доошлон буугаад, миний элэг зүрх, дотор сэтгэл энэ биеийг тойрон эргэлдэв. Тэгээд тэр цацрагт шингэх ер бусын гэх үл анзаарагдам оюун ухаан энэрэл хайрын гэрэл гэгээ, өнгө үнэрийн гайхамшигт тэр их хүч тамирыг зүрхэндээ би мэдрэв...

Тиймээ. “Амьдрал бол өөрчлөлт. Өөрчлөлт бол амьдрал билээ” Би дотор сэтгэл зүрхэндээ шивнэн ингэж хэлэв. “Тиймээ. Дэлгэр ээ. Тэгэхдээ чи нэг туйлаас нөгөөд бүү савла. Савлаж байгаа цагт юу ч өөрчлөгддөггүй билээ.” гэж миний зүрх надад сануулан хариулав.

Би унтжээ... Галт тэрэг түжигнэн давхисаар л...


“Хулан бид хоёр” туужийн хэсгээс

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив